Тайландчууд улсынхаа 800 жилийн түүхэнд бусад улс орнуудын булаан эзлэгч, колончлогчдийн гарт өртөж байгаагүй Зүүн Өмнөд Азийн цорын ганц улс гэдгээрээ бахархдаг байна. Тайландын түүхийг таван хэсгээр үечлэн авч үздэг ажээ. Үүнд:
Нанчаогийн үе (650-1250)
Тай хүмүүсийн анхны хаант улс одоогийн Өмнөд Хятадын Юннань, Квангси, Кантон мужуудын нутаг дэвсгэр дээр байгуулагджээ. Асар олон тооны хүн өмнө зүгийг зорин Чао Прая мөрний сав, нам дор газрын дагуу нүүдэллэж Хмэр эзэнт улсын ивээл доор суурьшжээ. 1238 оны үед Тайчууд тусгаар хаант улс байгуулж Сухотай хэмээн нэрлэсэн байна.
Сухотайн үе (1238-1378)
13-р зууны үед Тайчуудын хаант улсын хүчин чадал аажмаар өсөж Хмэр, Мон зэрэг улсуудаас хараат байхаа больж байр сууриа бүс нутагтаа баттай бэхжүүлсэн байна. Энэ үеийг Тайландын түүхэнд алтан үе гэж тэмдэглэсэн байдаг. Энэ үед Рамкамханг хааны удмын алдартай цэцэн билэг хаад улс орноо захирч байлаа. Гэсэн хэдий ч 1350 онд хүчирхэг Аюттая улс өөрийн нөлөөллөө Сухотайн улсад үзүүлж эхэлжээ.
Аюттаягийн үе (1350-1767)
Аюттаягийн улс бүр анхнаасаа л Кхэр улсын соёлын нөлөөг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Эрх мэдэл, газар нутгаа өргөтгөхийг хүссэн хаад ойр орчмын Тайванлигуудтайгаа ширүүн тэмцэл хийсэн ч энэ нь хөршүүдэд нь тийм ч тааламжтай санагдаагүй юм. 1767 онд хөрш улс болох Вирмчүүд Аюттая улсыг эзлэн авчээ. Гэвч тэд тайчуудыг тийм ч удаан эрхшээлдээ хянаж чадсангүй. 7 сарын дараа залуухан генерал Пя Таксин өөрийн цэргүүдийнхээ хүчээр Вирмчүүдийг хөөн зайлуулж чаджээ. Аюттаягийн үед барууны орнуудтай худалдаа болон улс төрийн харилцаа тогтоож байсан.
Тон Буригийн үе (1767-1772)
Залуу генерал засаг төрийн мэдлийг гартаа авсны дараах эхний алхам нь их хэмжээний худалдаа наймаа хийх, цэргийн хүчээ бэхжүүлэх, дахин довтлохоор байнга заналхийлж байгаа Вирмчүүдийг эсэргүүцэх давуу тал бүхий газарзүйн байрлал олж авахын тулд улсынхаа нийслэлийг Энэтхэгийн далайн эрэг рүү шилжүүлэх тушаал өгчээ. Шинэ нийслэлээ Чао Прая мөрний баруун эрэгт Тон Бури хэмээх газарт байгуулсан залуу удирдагч тийм ч амар жимэр суусангүй. Тэртээ Аюттаягийн үеэс задран бутарч эхэлсэн тайчуудыг дахин нэгтгэхийн тулд багагүй хугацааг зарцуулсан юм.
Раттанаксиний үе (1782-оос хойш үе)
1782-1809 он хүртэл Таксиний орыг залгамжилсан генерал Чакри буюу Рама I нь Чакри хэмээх шинэ эзэнт улсыг байгуулжээ. Рама I нь эхний шийдвэрээрээ мөн л улсынхаа нийслэлийг Тон Буригаас Бангкок руу шилжүүлэхийг тушааж хааны Их Ордонг байгуулжээ. Түүний хүү Рама II нь 1809-1824 он хүртэл хаан ширээнд суусан бол Рама III буюу Нанг Клао нь 1824-1851 оныг хүртэл улсаа удирдахдаа Хятад болон барууны улс гүрнүүдтэй хийх худалдаа наймаагаа сайжруулж, улс төрийн харилцааг сэргээн тогтоожээ. Монгкут хаан буюу Рама IV нь 1851-1868 онуудад улсаа удирдаж байх үед барууны их колончлол Ази даяар шуурга адил өрнөж байжээ. Ухаалаг хааны мэргэн дипломат бодлогоор Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас ганцаараа Тайланд нь колончлогчдийн хөлд сүйдээгүй үлдсэнээр барахгүй орчин үеийн Тайланд орны эх үндэс энэ үед тавигдсан байна. Тэрбээр олон тооны нийгмийн реформ шинэчлэлүүдийг хийсэн хэмээн үнэлэгддэг ажээ.
Чулалонгкорн хаан буюу Рама V нь эцгийнхээ эхлүүлсэн үйл хэргийг залгамжлан авч шинэчлэл өөрчлөлтийг үргэлжлүүлэн боолчлолыг халж, иргэдийнхээ эрүүл мэндийг тогтолцоог сайжруулж засаг захиргааны тогтолцоог өөрчлөн шинэчилж чаджээ. Албан журмаар боловсрол эзэмшүүлэх гэх мэтийн улс орны боловсролын тогтолцоог бий болгох их ажлыг Рама VI буюу Важиравид (1910-1925) нь хийсэн бол Пражадипокын хаанчлалын (1925-1935) үед Тайланд улс хэмжээгүй эрхт хаант засаглалаас Үндсэн хуульт хаант засаглалд шилжжээ. Хаан өөрийн эрхээ түүний ач хүү болох Ананд Махидолд 1933 онд шилжүүлсэн байна. Тэрээр 1939 онд улсынхаа Сиам гэдэг нэрийг өөрчлөн Тайланд болгожээ. Өнөөгийн Бумибол Адюлядэж хаан нь Чахри улсын Рама IX юм.
Сэтгэгдэлгүй байна